БНХАУ-д ногдуулах татвараас үүдэн Азийн хувьцааны индексүүд буурав

Шанхай (Ройтерс)-АНУ-аас БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд ногдуулж буй татвар болон АНУ-ын ажил эрхлэлтийн мэдээ өнөөдөр гарахтай зэрэгцэн голлох валютууд Баасан гаригийг хэлбэлзэлтэй эхлүүллээ.

Өнөөдөр АНУ БНХАУ-ын 34 тэрбум ам.доллартой тэнцэхүйц хэмжээний бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулж эхлэх бөгөөд хөрөнгө оруулагчид энэ бүхэнд БНХАУ хэрхэн хариу үйлдэл хийх, эдгээр үйл явдал зах зээлд хэр нөлөө үзүүлэх талаар таамаглал дэвшүүлж зах зээл хүлээлтийн байдалд шилжээд байгаа юм.

Ази-Номхон далайн хөгжиж буй орнуудын хувьцааны MSCI индекс (Япон улсыг оруулахгүйгээр) 0.3 хувиар буурчээ. Тус индекс 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдрөөс хойш 8.8 хувиар буураад байгаа юм.

Өмнөд Солонгосын Сөүлийн Коспи индекс 0.2 хувь, Тайваны хувьцаанууд 0.4 хувиар буурсан бол Австралийн хувьцаанууд 0.4 хувийн өсөлт үзүүллээ.

БНХАУ-ын голлох хувьцааны индексүүд баасан гаригийг бага зэргийн бууралттай буюу CSI300 индекс, Шанхайн индекс 0.3 хувийн бууралттай эхлүүлжээ.

Харин Японы Никкей индекс өчигдөр сүүлийн 3 сарын дээд түвшиндээ хүрч хаагдсаны дараа Баасан гаригт 0.7 хувийн өсөлт үзүүллээ.

Пүрэв гаригт Вашингтон Европын автомашинуудад ногдуулах татвараа бууруулснаар ЕХ мөн АНУ-ын автомашинуудад ногдуулах татварын хэмжээг бууруулахаар болсны дараа АНУ болон ЕХ-ны хувьцаанууд огцом өссөн юм. Үүний зэрэгцээ Германы эдийн засгийн мэдээ сайн гарч Германы автомашины салбарын хувьцаанууд мөн огцом өсөлт үзүүлсэн юм.

Ийнхүү худалдааны маргааны асуудал бага зэрэг намжиж Никкей индекс тэр дундаа Хонда Моторсийн хувьцаа 2 хувь, Тоёота Мотор 1.9 хувь өслөө.

Пүрэв гаригт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын 34 тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний бүтээгдэхүүнд татвар ногдуулах болсоныг албан ёсоор мэдэгдэж татварын шинэчлэлийн хүрээнд 500 тэрбум хүртэлх бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулж магадгүй байгаа юм.

ХНБ-аас 6 дугаар сарын 12-оос 13-ны өдрийн хурлын тэмдэглэлийг танилцуулж тэмдэглэлд санхүүгийн хямралыг баттай давсан болон худалдааны маргаан эдийн засгийн үзүүлэлтүүдэд сөргөөр нөлөөлөх талаар онцолжээ.

АНУ-ын 10 жилийн хугацаатай бондын өгөөж 2.8364 хувь болж ялимгүй буурсан бол 2 жилийн хугацаатай бондын өгөөж 2.5527 болж өсөв.

АНУ-ын бодлогын хүүнд мэдрэг алтын ханш 0.2 хувь суларч спот ханш 1,254.43 ам.долларт хүрчээ.

Ам.доллар иений эсрэг 0.1 хувиар чангарч 110.72-т хүрэв.

АНУ-ын газрын тосны нөөцийн хэмжээ өсч гарснаар хэдэн хоног өсөөд байсан газрын тосны ханш эргээд буурав.

 

Эх сурвалж: Investing.com