Туркийн зээлжих зэрэглэлийг бууруулснаар Турк лира 1 хувиар сулрав

Өнгөрсөн баасан гаригт олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч агентлагуудаас БНТУ-ын зээлжих зэрэглэлийг Ba2-оос Ba3 болгож бууруулснаар хөрөнгө оруулалтын өндөр эрсдэлтэй ангилалд шилжиж даваа гаригт Турк лира нэг хувиар сулрав.

USD/TRY хослол 1.38 хувиар суларч 6.1007 ам.доллартой тэнцэв. Хэдийгээр Турк лира ам.долларын эсрэг түүхэн доод түвшин 7.2-оос эргэн чангарсан ч энэ сард 23 хувиар сулраад байгаа юм.

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Мүүдиз болон Стандарт энд Пүүрс агентлагууд өнгөрсөн баасан гаригт Турк улсын зээлжих зэрэглэлийг Ba2-оос Ba3 болгож бууруулан төлөвийг сөрөг болгосон юм.

Стандарт энд Пүүрс агентлагаас “Турк лира огцом суларснаар Турк улс санхүүгийн хямралд өртөхөд ойрхон байна” гэсэн бол Мүүдиз “Цаашид Турк лира энэ эрчээрээ суларвал төрийн өмчит байгууллагуудын эрсдэл даах чадамж буурч, Турк улсын эдийн засаг төдийгүй улс төрийн тодорхойгүй даамжрана” гэжээ.

Түүнчлэн даваа гаригт Турк улсын нийслэлд байрлах АНУ-ын элчин сайдын яам руу орон нутгийн цагаар өглөөний 5 цагт цагаан өнгийн автомашин 6 удаа галласан явдал олон нийтийг цочроогоод байгаа юм.

АНУ болон БНТУ-ын улс төрийн маргаан болон БНТУ-ын ерөнхийлөгчийн эдийн засаг дахь нөлөө нэмэгдэж болзошгүй гэсэн болгоомжлол зах зээлд өндөр байгаагаас Турк лира энэ онд ам.долларын эсрэг 40 хувиар сулраад байна.

Турк лира огцом суларч Турк дахь гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын эрсдэл нэмэгдэж, ашиг буурснаар ийнхүү Турк улсын эдийн засаг хямралын түвшинд тун ойр ирээд байгаа билээ.

Эх сурвалж:Investing.com