7% сулраад байсан нефтийн ханш буцаад өсөв

Investing.com-Лхагва гаригт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Саудын Арабыг нягт түнш орон гэж мэдэгдсэний дараа 2018 оын доод түвшиндээ хүрч сулраад байсан газрын тосны ханш эргээд өсөв.

Мягмар гаригт Трамп АНУ Саудын Арабын сэтгүүлч Жамал Хашоггигийн аллагын хариу арга хэмжээ тийм ч хүчтэй байхгүй гэсэн утга бүхий мэдэгдэл хийсэн юм.

Тэрээр “АНУ-ын хувьд Саудын Араб нь манай улсын дараа орох дэлхийн топ газрын тос экспортлогч орон бөгөөд шатахууны үнийг боломжийн түвшинд барих бидний хүсэлтийг хүлээн авч хамтран ажиллаж байсан түнш орон юм. Хэрэв манай хоёр улсын харилцаа муудах аваас нефтийн үнэ тэнгэрт хадаж магадгүй шүү” гэж анхааруулжээ.

24 гишүүн орноос бүрдэх ОПЕК-ийн орнуудын ээлжит хурал ирэх сарын 6-ны өдөр Вена хотод зохион байгуулагдах бөгөөд уулзалтаар дараагийн 6 сарын гарцын асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх юм.

Олон Улсын Эрчим Хүчний Агентлагийн тэргүүн Фатих Бирол мягмар гаригт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр “Бид зах зээл хэрхэх талаар маш тодорхойгүй нөхцөл байдалд байна” гэжээ.

АНУ-ын газрын тосны нөөцийн хэмжээ буурсан үзүүлэлттэй гарсан нь ханш өсөхөд эерэгээр нөлөөлсөн ч нийлүүлэлт эрэлтээсээ давсан хэвээр байна.

Америкийн Шатахууны институц мягмар гаригт АНУ-ын газрын тосны нөөцийн хэмжээ 11 дүгээр сарын 6-ны өдрийн байдлаар 1.5 сая баррелиар буурч 439.2 сая баррельд хүрчээ.

Вест Техас төрлийн газрын тосны 1 дүгээр сард биелэх фьючерс ханш Нью Йоркийн Таваарын бирж дээр 1.24 хувиар өсч 54.09 ам.долларт хүрсэн бол Лондонгийн олон улсын бирж дээр Брент төрлийн газрын тосны мөн 1 дүгээр сард биелэх фьючерс ханш 1.25 хувиар өсч 63.23 ам.долларт хүрэв.

Энэхүү өсөлтийн өмнө Брент төрлийн газрын тосны ханш 7.6 хувиар суларч 61.76 ам.долларт хүрч сүүлийн 11 сарын доод түвшинд хүрээд байсан бол Вест Техас төрлийн газрын тосны ханш 7 хувиар суларч 52.77 ам.долларт хүрч 2017 оны 10 дугаар сараас хойш хамгийн доод түвшиндээ хүрээд байсан юм.

Эх сурвалж: Investing.com