“Aramco” компаний олон нийтэд хувьцаа арилжаалах үйл ажиллагааг зогсоожээ

Лондон (Ройтерс)-Саудын Арабын эрх баригчид газрын тос олборлогч “Aramco” компаний гадаад болон дотоодын зах зээл дэхь анх удаа нийтэд хувьцаа санал болгох үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан талаар өчигдар эх сурвалжууд мэдээллээ.

“Aramco”-аас анх удаа нийтэд хувьцаа санал болгох үйл ажиллагаа (IPO)-ыг ийнхүү холбогдох эрх баригчид зогсоосноор үнэт цаасны хүрээнд хийгдэж байсан ажлууд зогсонги байдал руу шилжжээ. Нөгөөтэйгүүр, Саудын Арабын эрх баригчид нефтийн түүхий эдээс гаргаж авсан химийн бүтээгдэхүүн боловсруулдаг Saudi Basic Industries Corp-ийн хувийг эзэмшихээр бүхий л анхаарлаа хандуулан ажиллаж байгаа аж.

Саудын Арабын эрх баригчдын нэг “Aramco компанийг хувьчилж, хөрөнгө босгох үйл ажиллагааг хойшлуулж, улмаар зогсоох талаар аль хэдийн ярилцаж шийдвэрлэсэн асуудал байсан ба бүх зүйл төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа” гэжээ.

Aramco компаниас одоогоор ямар нэгэн албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа бөгөөд тус компаний хувьцааг олон нийтэд санал болгох ажиллагаа нь ханхүү Мухаммед Бин Салманы тус улсын эдийн засгийн газрын тосноос хэт хараат байдлыг бууруулах гол арга хэмжээнүүдийн нэг байсан юм.

2016 онд ханхүү Мухаммед компаний 5 хувийг дотоод болон гадаадын хөрөнгийн биржээр арилжаалж, компаний үнэлгээг 2 их наяд ам.долларт хүрнэ гэж тооцоолж байсан ба үүнийг мэргэжлийн шинжээчид бодит үнэлгээнд суурилсан бодит тооцоолол гэж үзэж байжээ.

Лондон, Хонг-Конг, Нью-Йорк зэрэг олон улсын хөрөнгийн биржүүд Aramcо-ийг өөрийн бирж дээр гаргах хүсэлтээ ирүүлээд байсан төдийгүй андеррайтер компаниуд болон хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх компаниудын өрсөлдөөн өндөр байсан гэж эх сурвалжууд мэдээллэжээ. Ройтерс агентлагийн мэдээллэснээр JPMorgan, Morgan Stanley, HSBC нар андеррайтер зохион байгуулагч компани, Moelis&Co болон Evencore нар хуулийн зөвлөхөөр сонгогдоод байсан боловч үндсэн андеррайтер компани буюу Bookrunner хараахан тодорхой болоогүй байсан аж. Аудитын байгууллага, хуулийн фирм, андеррайтер банкууд үнэт цаасны танилцуулгыг бэлдээд эхэлсэн байсан гэж тус тус мэдээллэжээ.

Саудын Арабын Ерөнхий сайд, Aramco компаний тэргүүн Халид Ал Фалих тус компаний 2017 оны тайланд “Нийтэд хувьцаа арилжаалж хөрөнгө босгохоор ажиллаж байгаа” гэжээ.

Газрын тосны үйлдвэрийн ахлах мэргэжилтэн “Aramco компаний үнэт цаас олон нийтэд санал болгох ажиллагааг албан ёсоор зогсоогоогүй ба хэрэв мэдэгдэл гарахгүй бол процессийг үргэлжүүлэх боломжтой” гэжээ.

Эх сурвалж: Investing.com