Aramco компани дайралтад өртөж, газрын тосны үнэ “тэнгэрт хадлаа”

Юу болж байгаа вэ?

Саудын Арабын газрын тосны байгууламж халдлагад өртөж, дэлхийн “хар алт”-ны нийлүүлэлт эрсдэлд орон, үр дүнд нь 1 баррель нефтийн үнэ нэг өдрийн дотор сүүлийн 30 жилд байгаагүй их хэмжээгээр өссөн байна.

Энэ нь юу гэсэн үг вэ?

Өнгөрсөн амралтын өдрүүдэд дэлхийн хамгийн том газрын тосны үйлдвэр болох Саудын Арабын Aramco компанийн газрын тосны талбай болон боловсруулах үйлдвэр агаарын дайралтад өртсөн байна. Үүнээс болж тус компанийн үйлдвэрлэлийн тал хувь нь болон дэлхийн нийт нийлүүлэлтийн 5% нь зогсонги байдалд орж, хомсдол үүсэж болохуйц нөхцөл байдал нь хөрөнгө оруулагчдад газрын тосны өндөр эрэлт үүсгэн тус түүхий эдийн үнэ 20% өсөөд байна. Харин Даваа гаргийн орой Саудын Араб ослоос нэн даруй сэргэх болно гэсэн ба АНУ өөрийн нөөцөөсөө хэрэглэх боломжтой гэдгийг мэдэгдсэний дараа нөхцөл байдал дээрдэж, газрын тосны үнэ “дөнгөж” 10% өсөлттэй болсон ажээ.

Надад ямар хэрэгтэй вэ?

Зах зээлийн хувьд:

Даваа гаригт газрын тосны компаниудын хувьцааны ханш өссөн байна: энэхүү энергийн эх үүсвэр хомсдсоноор, компаниудын нөөц илүү үнэ цэнэтэй болж, түүнчлэн Ойрх Дорнодын орнуудын нөхцөл байдал хурцдах нь ч үүнд нөлөөлж байгаа юм. Нөгөө талаас, газрын тосноос хамааралтай химийн үйлдвэрүүд болон агаарын тээврийн компаниуд томоохон цохилтонд орж байна. Эдгээр компаниуд урьдчилан захиалсан фьючерсийнхээ тусламжтайгаар ихэнх үнийн савлагааг ажрахгүй давж чаддаг ч зарим гэрээнд урьдаас таамаглагдаагүй (“force majeure”) гэнэтийн нөхцөл байдалд (одоогийнх шиг) хүчингүй болно гэсэн заалт орсон байдаг байна. Хэрвээ тус заалтыг мөрдөх ба газрын тосны үнэ өсөлттэй хэвээр байсан тохиолдолд дээрх компаниуд хүндхэн байдалд орох юм байна.

Том зургаар нь харвал: 

Лхагва гаригт Холбооны Нөөцийн Сангаас мэдэгдэл хийхдээ АНУ-ын ерөнхий хүүний түвшинг бууруулсан байх таамаг гараад байгаа бөгөөд ингэж бараа үйлчилгээний үнийг нэмэгдүүлэх зорилготой байгаа юм. Харин газрын тосны үнийн энэхүү өсөлт нь инфляцийг төсөөлснөөс илүү нэмэгдүүлэх хандлагатай болсон ба богино хугацааны дараа бүхий л эцсийн бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт орж бидэнд мэдрэгдэх болно.