Facebook-ийн 2-р улирлын орлогын тайлан сайн гарсан байна

Юу болж байгаа вэ?

Лхагва гарагт, Фейсбүүк компани таамаглалаас дээгүүр хоёрдугаар улирлын тайлангаа өөрийн “хуудсанд” гаргаж, хөрөнгө оруулагчид үүнд нь “like” дарсан байна – тус компаний хувьцааны ханш 2% өсчээ.

Энэ нь юу гэсэн үг вэ?

Фейсбүүкийн сар тутмын идэвхтэй хэрэглэгчдийн тоо нь өнгөрсөн онд 8% өссөн байна. Энэ үзүүүлэлт нь энэ оны эхний улиралд мөн ижил байсан бөгөөд, тус компаний өсөлтийг хөрөнгө оруулгчид удаанаар явагдана хэмээн таамаглаж байсан учраас урьдчилан гарсан орлогын үзүүлэлтээс илүү гарахад амар болсон байна. Мөн түүнчлэн, зардлын хэмжээ ч дагаад өссөн ба, өмнөх жилийнхээс 66%-иар илүү зардалтай ажиллаж байгаа хэдий ч нэг удаагийн торгуулийг эс тооцвол ашгийн хэмжээ төсөөллөөс дээгүүр байгаа юм. Гэхдээ Фейсбүүкийн хувьд хэзээ ч таамагласан ашгийн хэмжээндээ хүрэхгүй байна гэж байдаггүй: магадгүй хэзээ ч зарцуулахаар төсөвлөсөн хэмжээндээ хүртэл их мөнгө зардалд гаргадаггүй учраас тэр байх.

Надад ямар хэрэгтэй вэ?

Том зургаар нь харвал: Фейсбүүкийн торгууль

Лхагва гарагт Фейсбүүк компани Кембридж Аналитикийн скандалтай (Cambridge Analytica scandal) холбоотойгоор $5 тэрбумын торгууль төлөхөөр болж мөн тус компаний захирал Марк Цукерберг хувийн нууцын шийдвэр гаргалтын удирдлагыг ганцаар эзэмшдэг байсан эрхээсээ татгалзахаар зөвшөөрсөн байна. Зар сурталчилгааны “аварга” тус компани аль хэдийн $3 тэрбумыг хуримтлуулсан байгаа учраас энэхүү асуудалд тайвнаар хандах нь зөв юм. Гэвч, АНУ-ын засгийн газраас энэ долоо хоногт томоохон технологийн компаниудад шалгалт явуулна гэдгээ зарлаад байгаа бөгөөд, тус $5 тэрбумын торгуулийг үүний өмнөх шалгалтаар Фейсбүүкт оногдуулсан учраас энэ нь тийм ч таатай бус мэдээ байгаа юм. Мөн хууль тогтоогчид тус компаний санал болгосон дижитал мөнгөн тэмдэгтийг сайшаахгүй байгаа ажээ.

Таны хувьд: Зохицуулагчид хувийн нууцыг хамгаална

Instagram, WhatsApp болон Facebook нар нь одоогийн байдлаар таныг хэн гэдэг, юунд дуртай зэргийг төвөггүй мэдэж байгаа бол Libra гарснаар бүр цаашлаад та мөнгөө хэрхэн зарцуулж байгааг хүртэл мэдэх боломжтой болоод байгаа юм. Энэ нь Facebook-ийн түрийвчийг зар сурталчилгааны орлогоор “дүүргэх” боловч, Libra электрон зоосны нөгөө талд нь тус компанид маш олон хориг, хязгаарлалт тавиулах эрсдэл дагалдаж байгаа юм. Өнгөрсөн жил Европт хийсэн зохицуулалтаар хэрэглэгчид өөрийн мэдээлэл болон түүний хэрэглээний талаар харьцангуй сайн мэдлэгтэй болж байгаа бөгөөд АНУ-ын зохицуулагчид иөн ижил шийдвэр гаргаж магадгүй юм.