Theresa May огцорч магадгүй

Их Британийн Парламентын гишүүд BREXIT-ийн боломжит найман хувилбараар явуулсан санал хураалтаар аль ч хувилбарт үнэмлэхүй дэмжлэг үзүүлсэнгүй. Санал хураалтаар шийдэлд хүрээгүй тул Их Британийн эрх баригчид нарийвчилсан жагсаалт гаргаж даваа гарагт дахин санал хураахаар болсон байна.

Парламент хэлэлцээргүй BREXIT, Европын Холбооны зах зээлийн нэг гол зохицуулалтад үлдэх, мөн дахин бүх нийтийн санал асуулга явуулах, BREXIT-ийг бүрмөсөн цуцлах зэрэг хувилбаруудад санал хураалгасан байна. Эдгээр найман хувилбараас Европын Холбооны зах зээлийн нэг гол зохицуулалтад үлдэх хувилбар нь хамгийн олон буюу 272 гишүүний санал авчээ. Хэдий тийм боловч хэрэгжүүлэхэд саналын тоо хангалтгүй байгаа аж. Хэрвээ Парламент BREXIT-ийн хэлэлцээрийн төслийг дэмжвэл Тереза Мэй албан тушаалаасаа буухаа амлалаа.

Энэхүү үйлдэл нь хоёр ч удаа ялагдал хүлээсэн Тереза Мэйн хувьд BREXIT-ийн хэлэлцээрийн төсөлд дэмжлэг авахын тулд өөрийгөө золиосолж байгаа эцсийн арга гэж ажиглагчид үзэж байна. Учир нь сүүлийн хоёр жил гаруй хугацаанд Засгийн газар BREXIT-ийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэж, боловсруулсан ч одоог хүртэл зөвшилцөлд хүрээгүй байгаа нь Тереза Мэйд том сорилт болж байгаа юм.